June 23, 2011

Ф.М.Достоевский

Дэлхийн уран зохиолын түүхэнд “Ээдрээтэй үзэгдэл” хэмээн тэмдэглэгдсэн энэ хүн 1821. 10. 30- нд Москвад аавынхаа ажилладаг ядуусын эмнэлэгт төржээ. Түүний бага нас хахир хатуу, архичин эцгийн дарамт, хүнд өвчтэй эхийн зовлон дунд өнгөрчээ. Цэргийн эмч эцэг нь ээжийг нь байнга дарамталдаг, хавь ойр эргэн тойрныхоо хүмүүсийг хяхан хавчдаг, хүүхдүүдээ байнга номхон хүлцэнгүй байхыг шаарддаг, бүхнийг өөрийн хүссэнээр хийдэг нэгэн байв. Харин ээж нь баян худалдаачны охин байсан бөгөөд уян зөөлөн сэтгэлтэй, амар тайван бүсгүй байжээ. Хэдийгээр ээжийнх нь инжинд ихээхэн хөрөнгө ирсэн боловч Достоевскийн гэр ядуу даржин амьдралтай, байнгын дутуу дулимаг байжээ.
Достоевский тэдний 2- дох хүү бөгөөд гадаад ертөнцөөс тусгаарлагдсан, найз нөхөдгүй, эрх чөлөөгүй, хавчигдмал орчинд өсч өндийжээ. Аав нь түүнд франц, латин хэл заасан нь түүний олж авсан анхны боловсрол байв. Хэдийгээр хязгаарлагдмал хаалттай гэр бүлд өссөн ч Достоевский сэргэлэн цовоо, зальжин, ухаантай хүү байлаа. Гэр бүлийнхэнтэйгээ хөзөр гэх мэт тоглохдоо заль гаргах, хориглосоор байтал өвчтөнүүдтэй танилцах, ярилцах нь энүүхэнд байв. Аав нь хатуу харгис хүн байсан ч түүнийг жирийн биш, дотуур байртай сургуульд оруулсан нь гайхмаар боловч үнэн билээ.
Достоевский дотуур байранд сурахын зэрэгцээ Вальтер Скотт, Диккенс, Жорж Санд, Пушкин гэх мэт сонгодог зохиолчдын бүтээлтэй танилцаж уран зохиолыг амтархаж эхэлжээ. Ийнхүү идэвхтэй суралцаж байх үед нь 1837 оны 2- р сард ээж нь сүрьеэ өвчний улмаас нас барж маш хүнд цохилт болов. Достоевский харгис хатуу эцэгтээ итгэл алдарч цаашид яахаа мэдэхгүй байх тэр үед түүний төсөөлж байснаар сайн юм болсонгүй ахтай нь хамт Петрбургийн цэргийн дэглэмтэй сургуульд явуулахаар шийдсэнийг өөрчлөх ямар ч арга байсангүй дагажээ.
Уран зохиол сонирхон авьяас билгээ нээсэн боловч энэ бүхнийг цэргийн дэглэмээр сольж суралцсаар 1843 онд сургуулиа төгсчээ. Түүний үе тэнгийнхэн Достоевскийг бүрэг номой, зожиг ганцаардмал дуугүй нэгэн байсан тухай олонтаа дурдсан байдаг. Бага наснаас нь хавчиж зовоосон эцэг нь хүсэл мөрөөдлийг нь хааж боон өөрийн дураар цэргийн сургуульд оруулж, бага боловч мөнгө өгөхгүй, хайхрамжгүй хандсан эцэгтээ улам хорсон гомдох болж бусдаас улам хөндийрөн ганцаардаж аавыгаа үзэн ядаж сэтгэл санаа нь хямрах болжээ. Ийм байдал удаан үргэлжилсний эцэст Достоевский аавдаа хорсол гомдол дүүрсэн нэгэн захидал бичжээ. Гэтэл захидлын хариу ирээгүй байтал муухай зантай эцэг нь нутгийн тариачдын гарт амь үрэгдсэн тухай мэдээ ирэв.
Достоевский хүнд байдалд орж хөөрхий эцгийн үхлийг би хүсч байсан гэж өөрийгөө буруутгасаар хожим насан туршдаа эдгэшгүй татаж унадаг өвчтэй болжээ. Энэ тухай Достоевскийг судлаачид тодорхой дурдан баталсан байдаг. Түүний энэ аймшигт өвчин “долоон голтой” амьтан мэт зовоовч, нөгөө талаас асар их тэсвэр, тэвчээр, дадлага туршлага, агуу их сэтгэх эрч хүч өгсөн гэдэг.
Түргэн ууртай, хэт мэдрэмтгий Достоевский сургуулиа ахлах дэслэгч цолтой төгсөж Петрбургийн хамгаалалтын албанд ажиллах болов. Тэр хэзээ ч ухаан алдан, татаж унах магадгүй болжээ. Гал Федя -/түүнийг нөхөд нь ингэж дууддаг байв./ амьдралын гашуун үнэнийг мартахыг хичээж, ном уншиж, мөрөөдөлд автан дүү Михаилтайгаа зовлонгоо хуваалцаж байлаа.
Маш их ном уншиж, дэлхийн уран зохиол ялангуяа уянгын халилтай романуудыг сонирхож байв. Хүсэл мөрөөдөлдөө дийлдсэн Достоевский хамгаалалтын ажлаасаа гарч өөрийн дуртай уран зохиол бичих ажилдаа оржээ. Тэр анхны зохиолынхоо гар бичмэлийг алдарт яруу найрагч Н. А. Некрасовт авчирч өгтөл Некрасов уншаад баярлан бахдаж уран зохиолын их шүүмжлэгч В.Г. Белинскийд очиж “шинэ Гоголь төржээ” гэж хэлсэн гэдэг. Зохиолч хүн нийгмийн амьдралыг сонирхох ёстой гэж үздэг Белинскийд Достоевскийн зохиол яв цав таалагдаж “Нийгмийн тухай зохиолын анхны үлгэр жишээ” хэмээн үнэлжээ.
1846 онд анхны номоо /Ядуу хүмүүс/ хэвлүүлж урам зориг орсон Достоевский шинэ роман бичиж эхлэв. Шинэ романд хүний сэтгэлийн хоёр талыг харуулсан бөгөөд ийм хоёрдмол шинж чанар түүний бүхий л уран бүтээлийнх нь гол онцлог болсон юм. Түүний 2-дох роман “Нөгөөх нь” гэдэг нэртэй байв. Гэтэл энэ 2-дох зохиол нь анхных шиг хүмүүст таалагдсангүйгээр барахгүй ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Зарим нь Гоголийн “Хамар” гэдэг зохиолыг хуулбарласан байна гэж ч хэлэв.
Гайхширсан Достоевский 3 дахь бүтээл болох “Ноён Прохор” зохиолоо хэвлүүлсэн нь эсэргүүцлийг дарж чадсангүй цаашдаа өмнө нь олж авсан алдар хүнд, уран зохиолын элит орчин, зарим найз нөхдөөсөө хэсэг боловч хөндийрөхөөс аргагүй болов. Тухайн үеийн уран зохиолын шүүмжлэгчид нийгмийн тухай бодит үнэнийг өгүүлсэн зохиол бичих ёстой гэж үзээд бодит байдал, хийсвэр дүрслэл холилдохыг зөвшөөрөхгүй байлаа. Тийм учраас нэр хүнд нь унасан Достоевскийн бичсэн “Неточка Незванова”, “Гэрийн эзэн” зэрэг бүтээлүүд нь шүүмжлэгчдийн бай болж байлаа. Харин энэ нь Достоевскийг хурцалж байв.
Нэгэн үе маш их тусалж дэмжин магтаж байсан Белинский хүртэл дургүйцлээ илэрхийлж, муулж, шүүмжлэх болжээ. Уран зохиолын манлайлагчдаас гадуурхагдах болсон Достоевский өөрийн үзэл бодлоо дэлгэрүүлэхийн тулд нууц бүлэгт элсэхээс өөр аргагүй болов. Оросын тэр үеийн зохиолчид үзэл бодлоороо 2 хэсэгт хуваагдаж баруун үзэлтнүүд Орос орон Европын улсуудын үлгэр жишээг даган ул суурьтай эргэлт хийвэл хөгжинө гэж үзэж байхад нөгөө зүүг тал нь үүнийг дэмжихгүй Агуу Петрийн үзэл буюу эртний Славян үзлийг дэмжиж байв.
Хоёр талын үзэл бодлын тэмцэл нэмэгдсээр хэвлэл мэдээллийг ашиглах болсон тул I- р Николай хааны чихэнд хүрч, хааны албат цагдаа нар бүлэглэлүүдийн тухай байнга мэдээлэл өгч эзэн хаан бүх зохиолчдыг хянах болов. Амьдралын олон бэрхшээлийг давж туулсан Достоевский үүнээс гадуур хоцорсонгүй. 1846 онд хувьсгалт бүлгийн удирдагч Петрашевскийтэй уулзаж цуглаанд нь оролцох болов. I- р Николай хаан 1849 оны 4- сарын 22- нд Петрашевскийн бүлгийнхнийг баривчилж 5 сарын турш шорон хорьж, шүүх тэднийг гэм буруугүйг нотолсон боловч дахин хэргийг задалж эцэст нь бүлгийн гишүүдийг цаазаар авах ял оноожээ. Эзэн хааны шийдвэрийг өөрчлөх аргагүй байсан цаг. 1849. 12. 22- ны өвлийн ид хүйтэн цагаар цаазын тавцан руу хүргэгдэв. Эзэн хаан үхлийн өмнө хүмүүс хэрхэн айх болон үзэл бодлоо хэрхэн хамгаалахыг харахыг хүссэн байна. Достоевский болон түүний нөхөд үхлийн багананд хүлүүлжээ. Гашуудлын ая тоглож, цэргүүд буугаа цэнэглэж, үхэл амьдралын заагт ирсэн тэр мөчид өршөөлийн зарлиг иржээ.
Энэ бол Достоевскийн амьдралд үлдсэн чухал үйл явдлуудын нэг бөгөөд хожим дурсан ярьж, зохиол бүтээлдээ тодорхой бичиж үлдээжээ. Энэ үйл явдлын дараа Достоевскийд атгаг санаа өвөрлөсөн Белинский болон сүм хийд ихэс дээдсийн эсрэг доромжилсон захидал хэвлүүлсэн хэргээр 4 жил цөлөгдөж 6 жил хугацаат цэргийн албанд зүтгэжээ. Энэ үеийн хэцүү байдлаа хожим Достоевский “газарт булагдсан хүн” мэт амьдарч дэргэд минь сэтгэлээсээ ярилцах хүнгүй, өлсгөлөн, өвчин, хүйтэн дунд байлаа гэж “Үхдэлийн байшингаас сурвалжилсан тэмдэглэл” зохиолдоо бичжээ.
Хүнд ажилд зүдрэхийн зэрэгцээ ядуу доод гаралтай хэмээн бусдад ад шоо үзэгдэж байв гэжээ. 1854 онд цөллөгийн дараа Сибирийн алс буйд газар Семипалатинск тосгонд жирийн цэргийн албанд иржээ. Жил болоогүй байтал барон Вранглер гэдэг хууль сахиулагч иржээ. Тэр ирэхдээ дүү Михаилийн ном, захидал зэргийг авчирч өгч сайхан нөхөрлөжээ.Энэ бүхэн нь нутаг заагдаж ирсэн газартаа сэтгэл тогтон амьдрах болов. Тэр Сибирьт байхдаа ухаалаг боловч ёс журамгүй нэгэн бэлэвсэн эхнэр М.Д. Чсаевтай гэрлэсэн нь хэн хэндээ аз жаргал авчирсангүй. Цөллөгийн дараа Петрбургт ирээд түрэмгий зантай Полина Сусловатай хамтран амьдрах болж түүний нөлөөгөөр мөрийтэй тоглоомд татагдах болов.
Түүнтэй хамт хилийн чанадад амьдарч байхад эхнэр нь өвдөж, ах нь нас барсан нь “Дорд үзэгдэгсэд” зохиолоо бичихэд хүргэжээ. Достоевский хэдийгээр алс бөглүү газар амьдарч байсан ч Петрбургийг санагалзсаар байсан юм. Цөллөгт байхдаа дүүгийнхээ илгээсэн номын доторх “Жаалхүү” нэрээр нэрээ нууцлан 1857 оны 8- р сард нэг сэтгүүлд зохиолоо хэвлүүлсэн нь амжилттай болсон юм. Yүнээс хойш түүний амьдрал тийм сайн байсангүй ядуу байдал мөрийтэй тоглоомоос болж зовних болов.
Амьдралын шаардлагаас болж “Гэм зэм”/1866/, “Мөрийтэй тоглогч” /1867/ зэрэг зохиолуудаа хурдан бичиж хэвлүүлжээ. Энэ үедээ бичээчээр авсан Анна Григориевна Сниткинтэй гэрлэжээ. Роман бичихдээ амжилт олсон боловч шүүмжлэгчдээс зугтах үе байсан. Хэдийгээр өөрөө хүний газар байх нь бичиж туурвихад нь муу нөлөөтэй гэж үздэг байсан боловч “Мангуу хүн” /1869/, “Үүрдийн хань” /1870/, бүтээлүүдээ харь газар байх 4 жилд туурвижээ. Достоевский үгээ хэлэх гэж сонин маягийн зүйл ч гаргаж үзсэн юм.
1876 онд “Нэгэн зохиолчийн тэмдэглэл” зохиолоо бичиж хэвлүүлжээ. Мөн “Цаг хугацаа” романаа бичиж өөрийн үзлээ дэлгэрүүлэв. Yүний дараа сэтгүүлч гэгдэж амьдралын сүүлийн он жилүүдийг эрх биш дээр нөхцөлд өнгөрөөжээ. 1877 оноос “Нүгэлтний амьдрал цуврал бүтээлээ туурвиж 1880 онд эхний дэвтэр болох “Ах дүү Карамзовынхан” романаа хэвлүүлж, тэр жил “Оросын утга зохиолын нөхөд” нийгэмлэг Москва дахь Пушкиний хөшөөний нээлтэнд үг хэлүүлэхээр урьж хурдан хугацаанд алдар хүндтэй болжээ.
Yг хэлсний дараа урьд өмнө үзэл бодол зөрж маргалдаж, мэтгэлцэж явсан хүмүүс талархан Тургенев хүртэл намайг тэврэхээр ирж, байн байн “их үйл бүтээлээ”гэж хэлж билээ гэсэн байдаг. Ф. М.Достоевский 1881 оны 1 сарын 28-нд нас барсан бөгөөд Орос орон энэ хүнд зориулан урьд байгаагүй гашуудлын ёслол хийв. Ф.М. Достоевский бол дэлхийн уран зохиолд сэтгэхүйн гайхамшигт зохиолуудаараа хувь нэмэр оруулсан суутан мөн. Тиймээс түүнийг одоо ч сэтгэлзүйн зохиолч хэмээн хэлэлцсээр байна.

Афоризм


Жинхэнэ үнэн хэзээд үнэнтэй төсгүй. Үнэнтэй төстэй болгохын тулд бага зэрэг худал нэмэх хэрэгтэй, хүмүүс үргэлж л ингэдэг.

Хүн төрөлхтөний сайн сайхан үйлсийн ул суурьт нь гүн гүнзгий амиа хичээлт байдгийг мэдэж байвал би юу хийх вэ. Үйл хэрэг сайн сайхан байх тусмаа тийм хэмжээгээр амиа хичээлтийг агуулдаг. Миний хүлээн зөвшөөрөх ганц дүрэм - өөрийгээ хайрла.

Хүнд аз жаргалаас гадна тэр хэмжээгээр зовлон хэрэгтэй. /человеку, кроме счастья, так же точно и совершенно во столько же, необходимо и несчастье!/

Ухаантай байхын тулд нэг ухаан багадна. /Чтоб умно поступать – одного ума мало./

Дурлах нь хайрлах биш: үзэн ядангаа дурлаж болно. /Влюбиться не значит любить: влюбиться можно и ненавидя./
 
Хүн бол нууц. Нууцыг тайлах хэрэгтэй..бүх амьдралынхаа турш нууцыг тайлах нь цагаа дэмий үрсэн хэрэг биш: хүн байхын тулд би энэ нууцыг тайлахыг оролддог. /Человек есть тайна. Ее надо разгадать, и ежели будешь ее разгадывать всю жизнь, то не говори, что потерял время: я занимаюсь этой тайной, ибо хочу быть человеком./

Амьдрал хаана ч амьдрал: амьдрал бидний гадна биш дотор байдаг, гол нь хүнээрээ үлдэх.
/Жизнь везде жизнь: жизнь в нас самих, а не во внешнем. Главное – остаться человеком./

Хүнийг гэм нүгэлтэй нь хамт хайрла /Любите человека и во грехе его./

Биднийг дахин төрүүлэх тийм хүчтэй зүйл бол хайр. /Любовь столь всесильна, что перерождает и нас самих./

Мэдэхгүй зүйлээ хайрлаж болохгүй.  /Нельзя любить то, чего не знаешь!/




 

No comments:

Post a Comment