June 23, 2011

Юкио Мишима - Алтан асрын сүм

Үгийн эхний авиатай үхэн хатан тэмцэх ээрүү гацаа амьтан гэдэг орооцолдсон торноосоо, өөрийнхөө БИ-ийн торноос мултрах гэж байж ядах шувуухай л гэсэн үг. Тэгж тэгж бяцхан шувуухай торноосоо мултрах авч дэндүү оройтсон байна.

БИ аугаа их нууцаа нээж, төгөлдөр сайхны надад төрүүлсэн баяр бахдлыг хуваалцаж, сэтгэл зүрхээ юу ч үлдээлгүй нээж болох үед ч өөдөөс минь мөнөөх л царай харж байдаг байв. Энэ царайд уруулаараа
үг давуулах гэж хөгтэй их хүчилж байгаа минь л туйлын бодитойгоор хуулагддаг агаад үнэн чанартаа энэ нь толинд туссан миний тусгал юм. Надтай ярьж буй хүн ямар ч гоё, царайлаг байсан ийм үед түүний царайг яг минийх шиг үзээрийн болчихдог. Тийнхүү би өмнөө мөнөөх багийг олж харуут л миний илэрхийлэх гэж буй бүх чухал юм хэнд ч хэрэггүй хог новш болон хувирдаг.

Хэн ч намайг ойлгож чадахгүй, чухам энэ бодол л бусдаас онцгой гэдгийг минь мэдрүүлж, ийм учраас л өөрийгөө ямар нэг байдлаар илэрхийлье, бусдад ойлгууля гэх хүсэл төрж байгаагүй юм.

Дотоод ертөнц маань гадаад ертөнцтэй хүрэлцэхийг яагаад ч хүсэхгүй нөгөө үл алдрах, тал бүрээс минь бүчих ертөнц байдгаараа л байж байлаа.

БИ харанхуй хар ертөнцөөс ухаангүй айдаг хэр нь өдрийн гэрэл гэгээ надаас их ангид байдаг байв.

Хамгийн буянтай болоод бузрын муу сэтгэлийн хооронд ямар ч ялгаа байхгүй, үр дүн нь нэг л агаад алж талах хүсэл гүн гүнзгий өрөвч нинжин сэтгэлээс ялгагдах юмгүй.

Миний оршин байхын үндэс суурь нь би хэнд ч ойлгогдохгүй гэсэн итгэл үнэмшил

Надад тохиолдож буй бүхэн ямар нэг хачирхам нууц бичгээр томъёологдсон мэт агаад, миний амьдрал туссан дүрс нь олшрон олширсоор хязгааргүйд замхран оддог толин ханатай хонгилоор явж байгаа шиг сэтгэгдэл төрүүлнэ. Өөрт минь, би бээр цоо шинэ юмтай учирч байгаа мэт санагдах авч түүн дээр урьд нь үзсэн харсны минь сүүдэр туссан байх авай. Би энэ мэт давталт давхцалд алмайран мөнхүү хонгилоор яваад л байх хэр нь энэ мөр ямархан ширэнгээр хөтөлж аваачихыг мэдэх юм алга. Бидний хэнийх нь ч ирээдүйн хувь зохиол тохиолдлынх биш юм.
 
                           /Өөрт таалагдсан хэсгүүдээ түүвэрлэв Э-Б/

No comments:

Post a Comment