June 23, 2011

Юкио Мишима Үхэлд дурласан чөтгөр

Мишима Юкио (1925-1970) Тоокёогийн ойролцоо орших Итагай хуаранд 1970 оны 11-р сарын 25-нд самурайн ёсоор сеппуку (гэдсээ хүүлж үхэх ёс) хийж энэ ертөнцөөс одсон юм. Тэр энэ өдөр дөрвөн дагалдагсдийнхаа хамт хуарангийн даргын өрөөнд дайран орж генералыг барьцаанд аваад хуарангийн цэргүүдийн өмнө үг хэлж, Японы үндсэн хуулийг халж, Япон улсыг бүрэн зэвсэглэсэн армитай байхыг уриалжээ. Дэлхийн дайны дараа Япон улс армиа татан буулгаж, зөвхөн өөрийгөө хамгаалах хүчинтэй болсон бөгөөд эдүгээ хүртэл тэр хэвээр байгаа юм.
Мишима үүнийг эсэргүүцсэн аж. Гэвч хэн ч түүний үгийг хүлээж аваагүй учир үзэл бодолдоо үнэнч болохоо баталж амиа хорлосон байна.
Мишимагийн намтрыг бичигсэд голдуу түүний амьдралын эцсийн мөчөөс эхлэн бичдэг агаад энэ нь уншигчдыг татах гэсэн бач гэвэл худал. Энэ мөч түүний амьдралын утга учир, үзэл бодлыг илүү хурц тодоор илэрхийлж дөнгөдөг болов уу. Юкио Мишима гэдэг нь Кимитакэ Хироакагийн утга зохиолын нууц нэр бөгөөд «үхэлд дурласан чөтгөр» гэдэг утгатай гэнэ.
Кимитакэ 12 настайгаасаа эхлэн богино шүлэг, өгүүллэг бичиж эхэлжээ. Дунд сургуулийн багш нь утга зохиолд авьяастай туниа муутай хүүг сургуулийн дэггүйчүүдийн анхааралд өртүүлэхгүйн тулд түүний бичсэн бүтээлүүдийг Юкио Мишима гэдэг нэрээр сургуулийн сонинд нийтлүүлдэг байжээ. Багадаа Мишима бие муутай ном их уншдаг чөрчгөр хүү байсан аж. Үүнд түүнийг 12 нас хүртэл нь өсгөсөн язгууртны угсаа, хүмүүжилтэй эмээгийнх нь нөлөө тун их байжээ. Эмээ нь түүний элдэв биеийн хүчний тоглоомуудаар тоглуулдаггүй байсан бөгөөд харин японы ёс заншил, ёс суртхууныг дээдлэх үзэлд түүнийг гүнзгий сургасан гэдэг. 12 настайгаасаа эцэг эх дээрээ ирж амьдрах болсон түүнийг цэргийн албан хаагч эцэг нь сул доройд тооцож таагүй ханддаг байсан ажгуу. Эцэг нь түүнийг шүлэг өгүүллэг бичих, ном уншихыг хориглож байжээ. Дэлхийн дайны үеэр тэр цэргийн зарлан дуудах авсан ч эмнэлгийн үзлэгээр орох үедээ хатгаа тусчихсан байсан учир уушигны сүрьеэтэй гэж оношлогдон армиас халагджээ. Тэр үүнд их гутарсан гэлцдэг. Магадгүй энэ нь түүний амьдралын нэгэн эргэлтийн цэг болж, тэр бие бялдраа хөгжүүлэн өөрийгөө өөрчилж эхэлсэн байх.
Мишима бодиболдингийн лут тамирчдын нэг байсан. Дэлхийн бодибилдингийн хэд хэдэн сэтгүүлийн нүүрэн дээр түүний зургууд хэвлэгдэж байлаа. Тэр Кэндо буюу сэлмээр байлдах урлагийн 9-р (хамгийн өндөр зэрэг) дантай байв. Тэр усан спортын сайн тамирчин, нисэгч аялагч байв. Тэр агаарын бөмбөлөг, автомашин гэхчилэн янз бүрийн арга хэрэгсэлээр дэлхийг долоон удаа тойрсон юм.
Ер нь түүний амьдрал асар баялаг байсан. Тэр олон ч хүүхний зүрхийг шархлуулж явсан гэдэг. Арга ч үгүй тамирчин, зохиолч, жүжигчин, хөгжимчин, хөгжмийн зохиолч энэ эр японд бараг поп од болох шахаж байлаа. Түүний анхны сүй тавьсан боловч гэрлээгүй бүсгүй нь эдүгээгийн Японы хатан хаан Мичико. Тэр цөөнгүй хүүхэнтэй холбогдсоны эцэст Ёоко Сүгияматай гэрлэж хоёр хүүхдийн эцэг болсон. Гэхдээ тэр гомо буюу ижил хүйстнүүдийн цугладаг бааранд очдог, тэр бүү хэл нэлээд хэдэн эрчүүдтэй холбоотой байсан юм. Түүний «Багаа хуулахуй» тууж ижил хүйстнүүдийн тухай сэдэвтэй, түүнийг өөд болсны дараа энэ талаар бөөн шуугиан дэгдэж шүүх заргадаа тулж байлаа.
Мишима өөрийн үхлийг олон жил төлөвлөсөн бөгөөд маш нямбай бэлдэж бүгдийг самурайн ёс заншлын дагуу гүйцэтгэжээ. Самурай сеппуку буюу нэр төрийн амиа хорлолт үйлдэхдээ цагаан хувцас өмсөж, үхлийн шүлэг бичиж тавиад сэтгэл санаагаа чөлөөлсний эцэст амиа хорлох учиртай. Ингэхдээ гэдсээ гүнзгий хүүлж өөрийгөө зовоож зовлон шаналалыг мэдэрч, гэм нүглээ эдэлж нэр төртэйгөөр үхэж байгаагаа харуулдаг. Тэгвэл диваажинд төрж чадна гэж итгэдэг аж. Түүний энэ үйлдлийг кайсяку буюу гэрч харж гэрчилдэг бөгөөд зарим тохиолдолд гэрч амиа хорлогчийн толгойг тас цавчиж үхлийг нь түргэсгэж өгдөг. Мишима яг энэ ёс жаягийн дагуу талийгаач болсон бөгөөд түүний шавь Кога гэгч толгойг нь тас цавчжээ.
Мишима зөвхөн зохиолч байсангүй. Тэр таван кинонд гол болон туслах дүрд тоглож, хэд хэдэн жүжиг театрт найруулж, симфони хөгжим удирдан тоглуулжээ. Тэр бүү хэл хөгжмийн зохиолууд бичиж, дан хөгжмийн альбом хэвлүүлсэн байна. 
Нобелийн шагналд гурвантаа нэр дэвшиж байсан Мишима дөчин роман тууж, арван найман жүжиг, богино өгүүллэгийн хорь орчим түүвэр, мөн төдий тооны эсээний түүвэр уран зохиолын өв болгон үлдээсэн хүн. Эдгээрээс «Алтан сүм», «Багаа хуулахуй», «Киёокогийн байшин», «Давалгаан чимээ» зэрэг том хэмжээний үргэлжилсэн үгийн бүтээлүүд нь үлэмж алдартай, шилдэг бүтээлүүдэд тооцогддог. Ялангуяа «Алтан сүм» роман нь дэлхий дээр хамгийн олон уншигчтай, хамгийн олон дахин хэвлэгдсэн япон зохиол юм.  Юкио Мишимагийн арвин их зохиол бүтээлээс «Зуны дунд сарын үхэл» хэмээх богино өгүүллэгийн хэмжээний хүүрнэл зохиолын түүвэр нь дэлхийд хамгийн алдаршсан билээ. Есөн өгүүллэг, нэг жүжиг бүхий энэ түүвэр анх англи хэлээр орчуулагдаж одоогийн байдлаар хэсэгчлэгдсэн буюу бүрэн хэмжээгээрээ дэлхийн 11 орны хэлээр орчуулагдсан аж. Ялангуяа энэ түүвэрт орсон «Эх оронч үзэл» хэмээх зохиол үнэхээр цуутай. Бараг Мишимагийн амьдралын тунхаг гэж хэлж болно.
Жинхэнэ барууны үзэлтэн болох Мишимагийн уран бүтээлийн тухай ярих бүрт байнга хөндөгддөг сэдэв бол «үхэл» юм. Үхэл бол сүйрэл мөхөл төгсгөл. Гэтэл Мишима үхлийг магадгүй сайхан төгсгөл гэж үзэж байжээ. Тэр жараад оны дундуур Английн BBC радиод өгсөн ярилцлагадаа «Ердийн амиа хорлолтоос самурайн ёсоор амиа хорлох нь үхэх зөв, сайн арга юм» гэж дурьдаж байжээ. Мишимагийн уран бүтээлд "үхэл төгсгөл" нь эгшин зуурын тэгсэн атлаа дур булаам, мөнхийн хаа сайгүй оршдог харагддаг. Магадгүй эдгээр чанарууд нь хүнийг ховсдож нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх эсвэл тэр үүргээс зугтаах гарц болж өгдөг байж болох юм. Би амиа хорлох тухай яриад байна л даа… Чухам үүнийг Мишима зарим зохиолууддаа тун тодорхой сэтгэл сэрдхиймээр дүрсэлсэн байдаг. Ер нь «Эх оронч үзэл» өгүүллэгийн алдаршсан шалтгаан энэ болов уу.  

«Надад гэнэт хэн нэгнийг алмаар санагддаг. Улай үзэхийг би тэчьяадан хүсдэг. Зарим нэгэн хүүхэн эргүүлсэн ч эзэмдэж чадахгүй болохоороо дурлалын шүлэг бичдэг бол би цаазлуулах ял заагдчихгүйн тулд роман бичдэг юм»          "Кимитакэ Хироака"
                         Эх сурвалж: Д.Дашмөнхийн хуудас

No comments:

Post a Comment