July 6, 2011

Өлзийтөгс - Ганцаардлын дасгал

Тунирхал
Ахиад чи намайг уйлуулбал үүл болчихно шүү би
Анхны салхи сэвийхэд л тэнгэрээр нэг тарчихна
Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод
Аргадаж гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй


Нулимс нүднээс гардаг юм бишээ
зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм
Нууцыг мин ингээд мэдлээ шүү чи
Үгэнд л би хордчихдог юм

Сормууснаасаа дахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл
Солонго болуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой

                 ~~~ ~~~ ~~~

Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Бие сэтгэлээсээ ангижирахыг хүсч байна
Хайр, хүслээс, шунал, тэмүүллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амирлахыг хүсч байна

Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод
Би өөрөө тув тунгалаг болоод
Үг хэл үнэр санаа минь ариун болоод
Үнэхээр би амгаланг олоод

Тиймээ тийм энэ хүлээсийг тайлмаар байна
Тэгээд өөрөөсөө дөхин төрмөөр байна...

No comments:

Post a Comment